Return   Facebook

The Universal House of Justice

Ridván 2021

To the Bahá’ís of the World

Dearly loved Friends,

Бурханы Үйл хэргийн түүхэн бичээс дэх нэн дурсамжтай бүлгийн сүүлчийн үгс сийлэгдэв, хуудас эргэнэм. Энэ Ризванаар, гайхалтай нэгэн жилийн төгсгөлийг, Таван Жилийн Төлөвлөгөөний төгсгөлийг, түүнчлэн 1996 онд гараагаа эхэлсэн цуврал Төлөвлөгөөнүүд бүхэлдээ өндөрлөж буйг тэмдэглэж байна. Эдүгээ шинэ цуврал Төлөвлөгөөнүүд биднийг даллан дуудаж байна. Дараагийн Ризванаар эхлэх есөн жилийн хүчин чармайлтын угтвар болох асар их ач холбогдол бүхий арван хоёр сарын төлөвлөгөө маань амлалт дүүрэн байна. Маш түргэн хугацаанд хүч чадал хуримтлуулж, одоо асар том том алхам хийхэд бэлхэн байгаа нийгэмлэгийг бид өмнөө харж байна. Гэхдээ өдий түвшинд хүрэхийн тулд ямар их тэмүүлэл тэмцэл орсныг, ингэх явцад ямар нөр их хөдөлмөрөөр ойлголт сургамж олж авсан талаар эндүүрэх зүйл байх ёсгүй юм. Сурч мэдсэн бүхэн нь улмаар нийгэмлэгийн ирээдүйн хэлбэр дүрсийг тодорхойлох бөгөөд эдгээр сургамж туршлагыг хэрхэн олж авсан тухай энд өгүүлбэл ирээдүйд биднийг юу хүлээж байгааг тодорхой харуулах билээ.

1996 оноос өмнөх, өөрийн гэсэн ололт амжилт, баялаг арвин сургамж бүхий арван жилүүд нь хүмүүс олноороо Шүтлэгийн далбаан дор нэгдэн ороход бэлэн буйг олон улс нийгэмд эргэлзээгүй харуулсан. Гэвч өргөн олноор Шүтлэгт элсэн орох олон тохиолдол урам хайрлаж байсан хэдий ч янз бүрийн орчинд хэрэгжүүлж болох өсөлтийн тогтвортой үйл явцад хөтлөөгүй юм. Тэр үед Бахайн нийгэмлэгийн өмнө гүн гүнзгий асуултууд тулгамдаж байсан боловч хангалттай туршлага байгаагүйн улмаас зохих хариуг олж чадахгүй байсан юм. Тухайлбал: нийгэмлэгийн өргөжүүлэлтийг бэхжүүлэлтийн үйл явцтай хэрхэн нэгэн зэрэг хослуулан авч явах вэ, ингэснээр урт удаан хугацаанд огт шийдэх боломжгүй мэт санагдаж байсан тогтвортой өсөлтийн асуудлыг шийдэх арга байна уу? Бахауллагийн сургаалыг бодит үйл ажиллагаанд шилжүүлэх чадвартай чадварлаг хувь хүмүүс, нийгэмлэг, институц байгууллагуудыг хэрхэн бий болгон хөгжүүлэх вэ? Сургаалд сэтгэл татагдсан тэдгээр хүмүүс дэлхий дахиныг хамарсан энэхүү оюун санааны үйл хөдөлгөөнд хэрхэн өөрсдийгөө зориулах хөдөлгөгч хүч болж чадах вэ?

Ийм л байдалд хорин таван жилийн өмнө тэргүүн эгнээнд нь Бурханы Хэргийн амьд сэрүүн гурван Мутар багтаж байсан Бахайн нийгэмлэг маань Дөрвөн Жилийн Төлөвлөгөөнд хөл тавин оржээ. Уг Төлөвлөгөө нь өмнөх төлөвлөгөөнүүдийг бодвол хороо хороогоор нэгдэн орох үйл явцыг дорвитойгоор урагшлуулах гэсэн цорын ганц зорилго дээр эрч хүчээ төвлөрүүлснээр онцлог байв. Энэ зорилго нь дараа нь ар араасаа өрнөсөн цуврал төлөвлөгөөнүүдийг ч тодорхойлох зорилго нь болсон юм. Хороо хороогоор нэгдэн орох үйл явц нь хүмүүс Шүтлэгт бүлэг бүлгээрээ элсэн орох явдал төдий биш агаад аяндаа өөрөө өрнөдөг ч үйл явц биш, харин тодорхой зорилготой, системтэй бөгөөд түргэссэн байдлаар өргөжүүлэлт, бэхжүүлэлтийг хөхиүлэн дэмжихийг шаардана гэдгийг нийгэмлэг маань ойлгосон байсан. Энэ бүх ажлыг өрнүүлэхэд өнөр олон хүмүүсийн ухамсартай оролцоо шаардлагатай байсан тул боловсролын өргөн далайцтай хүчин чармайлт авч хэрэгжүүлэхийг 1996 онд Бахайн ертөнцөд уриалсан билээ. Үүнд өсөлтийн үйл явцыг хөхиүлэн дэмжихэд шаардлагатай чадвар чадавхыг эзэмшсэн, тооны хувьд байнга өргөжин тэлж буй хүмүүсийн урсгалыг бий болгоход чиглэгдсэн сургалтын институтийн сүлжээг байгуулахыг уриалсан юм.

Сургаал багшлах талбарт өмнө нь амжилт гаргаж байсан хэдий ч, анд нөхөд энэ даалгаврын төлөө ажиллаж эхлэх үедээ чухам ямар чадавхуудыг эзэмших, үүнээс илүү чухал нь тэр чадавхуудыг хэрхэн эзэмших талаар маш олон зүйлд суралцах шаардлагатай гэдгээ тодорхой ухаарч байсан юм. Олон талаараа нийгэмлэг явуулсан үйл ажиллагаанаасаа суралцдаг, харин тэрхүү суралцсан сургамжуудаа тодорхой хугацааны туршид янз янзын орчинд нэвтрүүлэн хэрэгжүүлэх замаар шүүн тунгааж, боловсронгуй болгосны эцэст боловсролын материалуудад оруулан суулгадаг. Тодорхой үйл ажиллагаанууд хүн амын оюун санааны хэрэгцээ шаардлагад зүй ёсоор нийцэж байгаа нь харагдсан юм. Үүнд сургалтын дугуйлан, хүүхдийн хичээл, мөргөлийн цуглаан, хожим нэмэгдээд өсвөр насны залуучуудын бүлэг гэсэн үйл ажиллагаанууд нэн ач холбогдолтой гэдэг нь ялгаран тодорч байсан бөгөөд холбоотой бусад үйл ажиллагаатай уялдаад ирэхээрээ түүнээс үүсэх динамик эрч хүч нь нийгэмлэгийн амьдралын цоглог хүчтэй хэв загварыг бий болгож байлаа. Эдгээр цөм үйл ажиллагаанд оролцогчдын тоо нэмэгдэх хэрээр тэдний анхны зорилгод шинэ хэмжээс нэмэгдсэн юм. Уг үйл ажиллагаанууд нь өргөн нийгмээс залуучууд, насанд хүрэгсэд болон гэр бүл нийтээрээ Бахауллагийн Үүдэл нээлттэй танилцахаар орж ирэх үүд хаалга нь болж байв. Мөн нийгэмлэгийг бүтээн босгох ажлын стратегийг “кластер” хэмээх нийгэм, эдийн засгийн хувьд өөрийн гэсэн онцлогтой, харж хандахад боломжийн хэмжээтэй газарзүйн нутаг дэвсгэрийн хүрээнд авч үзэх нь амьдралд ойр болох нь улам илэрхий болж байв. Улмаар кластерын түвшинд энгийн төлөвлөлт хийх чадавх хөгжиж эхэлсэн бөгөөд ийм төлөвлөгөөнөөс Шүтлэгийн өсөлтийн хөтөлбөрүүд урган гарч, гурван сарын мөчлөгөөр үйл ажиллагаагаа зохион байгуулах болсон юм. Үүнээс өмнө нэгэн чухал асуудал тодорхой болсон байсан нь, хувь сүсэгтнүүдийн шаталсан сургалтуудаар дамжих хөдөлгөөн нь хөгжлийн тасралтгүй үргэлжлэх замын дагуух кластерын хөдөлгөөнд түлхэц үзүүлэх, эргээд уг хөдөлгөөний нөлөөгөөр тэтгэгдэн үргэлжилдэг болох нь харагдсан явдал байв. Энэхүү харилцан нэгнээ нөхсөн харилцаа нь анд нөхдөд өөрийн орчинд өсөлтийн динамикийг үнэлэх, хүч чадлын хувьд сайжрах замаа тодорхойлоход тус болж байсан билээ. Цаг хугацаа өнгөрөх хэрээр кластерт өсөлтийн хэмнэлийг бий болгоход нэн чухал зүйл нь нэг талаас хүүхдүүд, өсвөр насны залуучууд, насанд хүрэгсдэд үйлчлэх гэсэн боловсролын гурван чиглэл, нөгөө талаас үйл ажиллагааны мөчлөг юм хэмээн харах нь үр дүнтэй болох нь батлагдсан юм. Хорин таван жилийн хүчин зүтгэл талдаа орж байхад өнөөдөр бидний мэдэх өсөлтийн үйл явцын хамгийн танил онцлог шинжүүдийн ихэнх нь хэдийнээ баттай үндэс сууриа тавьсан байсан билээ.

Анд нөхдийн хүчин чармайлт улам эрчимжихийн хэрээр өсөлтийн үйл явцад нийтлэг хамаарах төрөл бүрийн зарчим, ухагдахуун, стратегиуд нь, цаашид хувьсан хөгжиж шинэ шинэ элементүүдийг багтаах боломжтой тийм үйл ажиллагааны хэв загвар болон тогтсон юм. Уг үйл ажиллагааны загвар нь онцгой их эрч хүчийг бий болгоход гол ач холбогдолтой болох нь харагдсан билээ. Энэ нь анд нөхдөд эрүүл саруул нийгэмлэгийн өсөлтөд хүргэх тэр зүйлд эрч хүчээ зориулахад тусалдаг болох нь туршлагаас харагдаж байна. Гэвч үйл ажиллагааны аливаа хэв загвар гэдэг бол хатуу томьёо биш юм. Кластерын, орон нутгийн, эсвэл бүр бичил хорооллын бодит байдлыг үнэлэх явцдаа энэхүү үйл ажиллагааны загварын олон янзын элементийг харгалзан үзсэнээр нэг талаас Бахайн ертөнцийн суралцаж буй зүйлсийг авч шингээсэн, тэгсэн хэр нь тухайн орон нутаг, орчинд тохирсон тийм үйл ажиллагааны хэв маягийг боловсруулж чаддаг байна. Нэг талаас ягшмал хатуу шаардлага, нөгөө талаас хувийн үзэмжийн хязгааргүй хандлага хоёрын алийг нь сонгох гэсэн дихотоми (хоёрдмол байдал)-ыг халж, олон янзын арга замуудыг илүү нарийн ялгаж ойлгох дадал оронд нь гарч ирсэн бөгөөд түүгээр дамжуулан хувь сүсэгтнүүд мөн чанартаа хоорондоо уялдаатай, туршлага хуримтлагдах хэрээр тогтмол сайжран төгөлдөржих ийм үйл явцад дэмжлэг үзүүлж чаддаг юм. Энэхүү үйл ажиллагааны хэв загвар гарч ирснээр бий болсон хөгжил дэвшлийн талаар ямар ч эргэлзээ бүү байг: нийт Бахай ертөнцийн гаргаж буй хүчин зүтгэлүүдийг хоорондоо уялдаатай бөгөөд нэгдмэл болгох, үүний цаашдын хөгжлийг улам өдөөх тэрхүү үр дүн нь лут их нөлөөтэй билээ.

Нэг төлөвлөгөөг дараагийн төлөвлөгөө нь залгамжилж, нийгэмлэгийг бүтээн босгох үйл хэрэг илүү өргөн хүрээтэй болохын хэрээр соёлын түвшинд гарсан хөгжил дэвшил илүү товойн тодорч байлаа. Жишээлбэл, бага залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлэхийн ач холбогдлыг илүү өргөн ойлгон ухаарахын зэрэгцээ ялангуяа өсвөр үеийн залуучуудад буй онцгой нөөц чадавхыг талархан үнэлэх явдал эрс нэмэгдсэн юм. Анд нөхөд нэгэн нийтлэг замналд нэг нэгнээ дэмжиж, дагалдан халамжлах, мөн харилцан туслалцдаг хүрээгээ тасралтгүй тэлэх нь нэгэн төрлийн хэв маяг болсон бөгөөд үйлчлэхүйн чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн бүхий л хүчин чармайлт чухамхүү тийм хэв маяг руу тэмүүлж байв. Тэр ч бүү хэл, утга учиртай харилцан яриа нь оюун санааны мэдрэхүйг асаан бадамлуулах хүч чадал агуулдаг болохыг ухамсарлахын хэрээр анд нөхөд хоорондын төдийгүй эргэн тойронд буй хүмүүстэйгээ харилцах харилцаанд нь өөрчлөлт гарч байлаа. Мөн Бахайн нийгэмлэг гадагшаа чиглэсэн нээлттэй хандлагатай болсон нь онцлууштай явдал юм. Шүтлэгийн зөн хараанд сэтгэл татагдсан ямар ч хүн боловсролын үйл ажиллагаанууд, мөргөлийн цуглаанууд хийгээд нийгэмлэгийг бүтээн байгуулах үйл явцын идэвхтэй оролцогч, тэр бүү хэл идэвхтэй дэмжигч, зохион байгуулагч нэгэн болж болдог бөгөөд тэдний дундаас олон хүн Бахауллад итгэх итгэлээ зарладаг байна. Тиймээс хороо хороогоор нэгдэн орох үйл явц хэмээх ухагдахуун гарч ирсэн агаад энэ нь хий хоосон онол таамаглал дээр тулгуурласан бус, харин хэрхэн хүмүүс үй олноороо Шүтлэгийг хайн олж, танил дотно болж, зорилгыг нь өөриймшүүлж, үйл ажиллагаанд нь нэгдэн орж, маш олон тохиолдолд Шүтлэгийг хүлээн авч байсан тэрхүү бодит туршлага дээр тулгуурласан байсан юм. Чухамдаа, институтийн үйл явц нэг бүс нутгаас нөгөө бүс нутагт улам бэхжихийн хэрээр төлөвлөгөөний үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрийг оруулж буй анд нөхөд, тэр байтугай саяхан шүтлэгтэй танилцсан анд нөхдийн тоо огцом бөгөөд дорвитой нэмэгдэж байв. Гэхдээ энэ бүхэн нь зөвхөн тоон зорилтод ач холбогдол өгсний үр дүн байгаагүй ээ. Харин Бурханы үгийг судлахад тулгуурласан, хувь хүний ба хамтын хувьсал өөрчлөлт зэрэгцэн явагдах тухай зөн хараа болон мөн оюун санааны маш нухацтай үйл хөдөлгөөний гол хөдөлгөгч хүч нь болох чадавх хүн бүхэнд байгаа гэдгийг үнэлэн дээдлэх явдал зэрэг нь хамтын хүчин зүтгэлийн уур амьсгалыг бүрдүүлэхэд хөтөлж байсан билээ.

Энэхүү хорин таван жилийн хугацааны маш сэтгэл догдлуулан гайхал төрүүлсэн онцлог шинжүүдийн нэг бол Бахай залуучуудын үзүүлсэн үйлчилгээ байсан бөгөөд тэд итгэл сүсэг болон баатарлаг эр зоригтойгоор нийгэмлэгийн үйл ажиллагаа болон хүчин чармайлтын тэргүүн эгнээнд байх ёстой өөрсдийн байр суурийг олж авсан явдал юм. Шүтлэгийн багш нар болохынхоо хувьд, хүүхэд залуучуудын сурган хүмүүжүүлэгчийнхээ хувьд, явуулын сургагч болохынхоо хувьд, дотоодын пионер болохынхоо хувьд, кластерын зохицуулагчийнхаа хувьд, Бахайн байгууллага агентлагийн гишүүд болохынхоо хувьд таван тив дэх залуучууд үнэнч сэтгэл ба золиослонгуй хандлагаар өөрсдийн нийгэмлэгт үйлчлэхээр зориглон босож байна. Тэнгэрлэг Төлөвлөгөөг урагшлуулахад чухал нөлөөтэй үүргээ гүйцэтгэх явцдаа залуучуудын харуулсан хэрсүү байдал нь тэдний оюун санааны эрч хүч болон хүн төрөлхтний ирээдүйг сахин хамгаалахад өөрсдийгөө зориулан зүтгэж байгаагийн илэрхийлэл болж байна. Залуучуудын зүгээс ийм буурь суурьтай байдал улам нэмэгдэж байгааг бид хүлээн зөвшөөрч, энэ жилийн Ризваны дараагаас эхлэн сүсэгтнүүдийн Оюун Санааны Чуулгуудад гишүүнээр үйлчлэх насны босго хорин нэг хэвээрээ байх хэдий ч Бахайн сонгуульд санал өгөх насны хязгаарыг арван найман нас болгон бууруулахаар шийдэж байна. Уг насанд хүрсэн Бахайн залуучууд хаа сайгүй, Бахай сонгогч бүрийн өмнө тавигддаг “ариун үүргээ” “ухамсартай бөгөөд хичээнгүйлэн” гүйцэтгэх чадварт нь итгэсэн бидний итгэлийг хөсөрдүүлэхгүй гэдэгт бид огт үл эргэлзэнэ.

Нийгэмлэгүүдийн бодит байдал хоорондоо харилцан адилгүй, нэлээд ялгаатай гэдгийг бид сайн мэдэх билээ. Үндэсний янз бүрийн нийгэмлэгүүд, үндэсний нийгэмлэгийн хил хязгаарын доторх янз бүрийн газрууд бүгд энэхүү цуврал Төлөвлөгөөг эхлүүлэх үед хөгжлийн өөр өөр шатанд байсан нь мэдээж бөгөөд түүнээс хойш ч өөр өөр хурдцаар хөгжиж, хөгжил дэвшлийн хувьд янз янзын түвшинд хүрсэн. Энэ бол шинэ үзэгдэл биш ээ. Газар газрын нөхцөл байдал хэзээд ялгаатай байсан, Шүтлэгийг хүлээн авах чадвар ч хэзээд янз янз байсан. Гэвч нэгэн зүйлийг бид тодорхой ажиглан харсан нь: ихэнх нийгэмлэгүүд хол ойрын ахан дүүс нийгэмлэгийнхээ гаргасан амжилтаас урам зориг авч, улмаар чадвар чадамж, итгэл үнэмшилтэй байдал, хуримтлуулсан туршлагын хувьд өсөн хөгжих чиг хандлага улам дэлгэрэх болсон явдал юм. Нэгэн жишээ дурдахад, 1996 онд шинэ орон нутгийг Шүтлэгт нээхээр зориглон босож байсан анд нөхөд эр зориг, итгэл сүсэг, үнэнч сэтгэлээр огтхон ч дутаагүй байсан бол мөн л үйлчилгээ хийж буй өнөөдрийн анд нөхөд тэгвэл эдгээр зан чанарыг, өргөжүүлэлт бэхжүүлэлтийн ажлыг системчлэн боловсронгуй болгоход чиглэгдсэн Бахайн ертөнц даяараа хорин таван жилийн туршид гаргасан хүчин чармайлтын үрээр хуримтлуулсан эрдэм мэдлэг, ойлголт сургамж, ур чадвартай хослуулсан байна.

Нийгэмлэг бүрийн эхлэх цэг ямар байснаас үл хамааран тухайн нийгэмлэг итгэл үнэмшил, уйгагүй шантаршгүй зүтгэл, тууштай үнэнч байдал болон хэзээд суралцахад бэлэн хандлагатай хослуулж чадсан тохиолдолд өсөлтийн үйл явцыг урагш хөдөлгөж чадаж байлаа. Үнэндээ аливаа хүчин чармайлтын ахиц суралцах хандлагаас эхэлдэг гэдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрсөн нь эдгээр цуврал төлөвлөгөөнүүдээс бидэнд үлдэж буй нэн нандин өв билээ. Хэдийгээр тун энгийн мэт санагдах эл зарчим нь асар их ач холбогдол бүхий үр дагавар дагуулдаг. Кластер бүр хөгжлийн континуумаар тодорхой хугацаанд хөгжин дэвших нь дамжиггүй гэдэгт бид эргэлзэхгүй байна. Нөхцөл байдал, боломж бололцооны хувьд ижил төстэй нийгэмлэгүүдийн дотроос хамгийн түргэн хугацаанд урагш хөгжсөн нь анд нөхдийн дунд бодол санааны эв нэгдлийг хөхиүлэн дэмжих, үр дүнтэй үйл ажиллагааны талаар суралцах чадвартай байсан нийгэмлэгүүд юм. Түүгээр үл барам, эндхийн анд нөхөд үйл ажиллагаанд ямар ч эргэлзээ тээнэгэлзээгүйгээр шилжиж байсан юм.

Суралцах явцдаа тууштай байх нь алдаа хийхэд бэлэн байхыг шаардаж байсан бөгөөд заримдаа алдаа гаргах нь ая тухгүй байдал үүсгэж байсан нь ойлгомжтой. Туршлага дутмагийн улмаас шинэ аргачлал, арга барилыг анхан үед болхи маягаар нэвтрүүлэн ашиглаж байсанд гайхах зүйлгүй юм. Мөн заримдаа тухайн нийгэмлэг нь шинээр эзэмшсэн нэг чадавхаа дараагийн шинэ чадавхыг эзэмших гэж завгүй хөөцөлдөх явцдаа алдан орхигдуулах тохиолдол ч гарч байлаа. Санаа зорилго зөв байх нь хөл алдан гэнэдэхгүйн баталгаа биш бөгөөд хийсэн алдааныхаа цаана гарахад даруу төлөв чанар, огоорох сэтгэл шаардлагатай. Анд нөхөд тэвчээртэй, хүлээцтэй байдал үзүүлж, жам ёсоороо тохиолдох алдаанаас суралцахдаа тууштай шийдэмгий хэвээр байж чадсан нийгэмлэг бүрийн хувьд урагш хөгжин дэвших боломж хэзээд дөхөм байсан юм.

Цуврал Төлөвлөгөөнүүд талдаа орж асан тэр цаг үеэс эхлэн нийгэмлэгийн зүгээс нийгмийн амьдралд оролцох оролцоо нь шууд анхаарал хандуулах асуудал болж эхэлсэн юм. Үүнийг нийгэмд үйлчлэх үйл ажиллагаа ба нийгэмд зонхилж буй хэлэлцүүлгүүдэд оролцохуй гэсэн хоорондоо харилцан холбоотой хүчин зүтгэлийн хоёр талбарын хүрээнд авч үзэхийг сүсэгтнүүдэд уриалсан билээ. Эдгээр нь өргөжүүлэлт, бэхжүүлэлтийн ажлыг орлох юм уу түүнээс анд нөхдийн анхаарлыг сарниулах шалтгаан байх учиргүй байсан нь мэдээж бөгөөд харин ч өргөжүүлэлт бэхжүүлэлтийн үйл явц дотроос урган гарч байсан юм. Аливаа нийгэмлэгийн хувьд уриалан дайчилж чадах хүний нөөц арвин их байх тусам Бахауллагийн Үүдэл нээлтэд агуулагдах тухайн цаг үеийн сорилт бэрхшээлтэй хамаатай мэргэн санааг гаргаж тавих буюу Түүний сургаалыг бодит байдалд буулган хэрэгжүүлэх чадавх нь улам нэмэгдэж байв. Энэхүү цаг хугацааны туршид хүн төрөлхтний аж амьдрал зовлон бэрхшээл дүүрэн байсан нь Тэнгэрлэг Оточийн хайрласан анагаагч эмчилгээ хэчнээн их хэрэгцээтэй болохыг харуулж байсан юм. Энэ бүхэнд шингэсэн үзэл санаа нь, шашин бол байнга хөгжин дэвших соёл иргэншлийг урагшлуулагч баттай хүч юм гэсэн санаа байсан агаад үүгээрээ нийгэмд зонхилох шашны талаарх ойлголт төсөөллөөс огт өөр байлаа. Ийм соёл иргэншил нь өөрөө аяндаа, өөрийн жамаар дэлгэрэн цэцэглэхгүй, харин үүнийг бүтээн байгуулахын төлөө хөдөлмөрлөх нь Бахауллагийн дагалдагчдын өмнө буй эрхэм даалгавар мөн хэмээн ойлгох болсон юм. Эл даалгавар нь нийгэмд үйлчлэх үйл ажиллагаа болон олон нийтийн хэлэлцүүлэгт оролцох явцад мөнөөх л системтэйгээр суралцахуйн үйл явцыг нэвтрүүлэхийг шаардаж байсан билээ.

Өнөөгийн өндөрлөгөөс сүүлийн хорин таван жилийг харахад нийгэмд үйлчлэх үйл ажиллагаа явуулах чадавх дорвитойгоор нэмэгдэж, үйл ажиллагааны түвшин гайхалтай далайцтайгаар цэцэглэжээ. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн 250 гаруй төслийг жилээс жилд хэрэгжүүлж байсан 1996 онтой харьцуулахад өдгөө уг тоо 1500 болон өсөж, Бахайн үзэл санаанд тулгуурласан байгууллагуудын тоо дөрөв дахин нэмэгдэж 160 гаруй болсон байна. Богино хугацааны 70 000 гаруй нийгэмд үйлчлэх санаачилга жил бүр анхан шатанд хэрэгжиж буй нь дээрх цаг үетэй харьцуулахад тавь дахин өссөн үзүүлэлт юм. Эдүгээ Бахайн Олон Улсын Хөгжлийн Байгууллагаас үзүүлж буй тууштай дэмжлэг, урам зоригийн ачаар эдгээр үйл ажиллагааны тоо цаашид улам нэмэгдэхийг бид хүсэн хүлээж байна. Үүний зэрэгцээ нийгэмд түгээмэл буй сэдвээр хэлэлцүүлэгт оролцох Бахайн оролцоо мөн эрс тэлжээ. Эрхэлж буй ажлынхаа орчинд эсвэл хувь хүнийхээ амьдралын хүрээнд гарч ирэх харилцан яриануудад анд нөхөд Бахайн үзэл санааг шингээж оруулж буй үй олон тохиолдол байгаагаас гадна нийгмийн хэлэлцүүлгүүдэд албан ёсоор оролцох явдал их хэмжээгээр нэмэгдсэн байна. Энэ хугацаанд Африк, Ази, Европ тивүүдэд нэмэлт Албаа байгуулж чадсан Бахайн Олон Улсын Нийгэмлэгийн үйл ажиллагаа үлэмж ихээр нэмэгдэж, улам боловсронгуй болсныг энд тэмдэглээд зогсохгүй үндэсний түвшний Гадаад Харилцааны Албадын сүлжээ асар их өргөжин тэлж, чанаржин бэхжиж, нийгмийн хэлэлцүүлэгт оролцох оролцоог үйл ажиллагааныхаа гол чиглэл болгосныг дурдууштай юм. Түүнчлэн энэ хугацаанд мэргэжлийн тодорхой салбарын хэлэлцүүлэгт зарим сүсэгтэн анд нөхөд ухаалаг оновчтой, гарамгай хувь нэмэр оруулж ирсэн билээ. Энэ бүхэн нь, нийгмийн бүх түвшин дэх тэргүүн сэтгэгчид болон бусад нөлөө бүхий хүмүүсийн зүгээс манай Шүтлэг, түүний дагалдагчид ба явуулж буй үйл ажиллагаануудыг өндрөөр үнэлж, талархал, бахдал бишрэлээ илэрхийлж байсныг тодорхой хэмжээгээр тайлбарлах буй заа.

Энэхүү хорин таван жилийн хугацааг бүхэлд нь эргэн харахад Бахайн ертөнц олон олон чиглэлээр хөгжил дэвшилд зэрэг хүрсэн нь бидний сэтгэлийг баясган байна. Оюуны амьдрал цэцэглэн хөгжсөн нь зөвхөн дээр дурдагдсан үйл ажиллагааны чиглэлүүдээр гарсан ахицаас харагдаад зогсохгүй Бахай зохиогчдын хэвлүүлсэн өндөр чанартай ном хэвлэлийн тоо хэмжээнээс, мэргэжлийн тодорхой чиглэлийн сэдвүүдийг Бахайн сургаалтай холбон судлах орон зайнуудыг бий болгосон байгаагаас, өдгөө Бурханы Үйл хэргийн институц байгууллагуудтай хамтран дэлхийн 100 гаруй орнуудын залуучуудад хүрч үйлчилж буй Даян Дэлхийн Хөгжил Цэцэглэлтийн Судалгааны Институтээс их дээд сургуульд суралцаж буй болон төгссөн залуучуудад зориулан явуулдаг семинаруудын үр нөлөөнөөс илэрхий харагдаж байгаа билээ. Мөргөлийн Ордонуудыг бүтээн босгох үйл явц мөн илэрхий хурдассан байна. Сүүлчийн Эх Мөргөлийн Ордон Чилийн Сантьяго хотод баригдаж дууссанаас гадна үндэсний хоёр, орон нутгийн таван Машрикул-Аскар барих төслүүд эхэлснээс Камбожийн Баттамбанг болон Колумбын Норте дел Каука дах Мөргөлийн Ордонууд хэдийнээ үүд хаалгаа нээжээ. Урт удаан түүхтэй ч бай, баригдаад удаагүй ч бай, Бахайн Мөргөлийн Ордонууд нь нийгэмлэгийн амьдралын голт зүрхэнд улам бүр чухал байр суурьтай болж байна. Бурханы анд нөхдийн гаргаж буй үй олон хүчин чармайлтыг дэмжиж сүсэгтэн олны сэтгэл харамгүй өргөн барьсан материаллаг дэмжлэг өгөөмөр байлаа. Энгийн түвшинд авч үзвэл, анд нөхдийн өглөгч өгөөмөр, золиослонгуй сэтгэл шингэсэн сан хандивын амин чухал урсгал нь эдийн засгийн хувьд маш хүнд хэцүү үед ч огт тасалдаагүй, харин ч бүр нэмэгдсэн нь хамтын оюун санааны амьд хүчийг тодоос тод илтгэж байлаа. Бахайн засаг захиргааны талбарт, нийгэмлэгийнхээ улам нарийн цогцолбор болж буй ажил хэргийг чадварлагаар удирдан авч явах Үндэсний Оюун Санааны Чуулгуудын чадавх мэдэгдэхүйц сайжирчээ. Тэд ялангуяа, дэлхий даяар нийгэмлэгийн анхан шатанд хуримтлагдаж буй сургамж туршлагыг хуримтлуулах, түүнийг эргээд өргөн хүрээнд түгээн тархаах ажлыг системчлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн Зөвлөхүүдтэй илүү өндөр түвшинд хамтран ажилласнаас ач тус хүртсэн билээ. Энэ хугацаанд мөн Бүсийн Бахайн Зөвлөлүүд Үйл хэргийн зүй ёсны институц байгууллага болон торнисон бөгөөд өдгөө 230 бүсэд Зөвлөлүүд болон тэдгээрийн удирдлага дор ажиллаж буй сургалтын институтүүд нь өсөлтийн үйл явцыг урагшлуулахад гарцаагүй чухал үүрэгтэй болохоо батлан харуулсаар байна. Түүнчлэн Хукукуллагийн Тэргүүн Итгэмжит Даамал, Бурханы Хэргийн Мутар Али-Мухаммад Варгагийн гүйцэтгэж байсан ажил үйлсийг ирээдүйд үргэлжлүүлэхийн тулд Хукукуллагийн Итгэмжит Даамлуудын Олон Улсын Зөвлөлийг 2005 онд байгуулсан нь өдгөө дэлхий нийтийг хамарсан Үндэсний болон Бүсийн Итгэмжит Даамлуудын 33 Зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулж байгаа бөгөөд эдгээр зөвлөл нь цаашаа 1000 гаруй Төлөөлөгчдийн ажлыг удирдан чиглүүлж байна. Бахайн Дэлхийн Төв дээр энэ хугацаанд гарсан хөгжил дэвшил ч мөн олон буй. Үүнд: Бабын Бунханы Дэнжин шатууд болон Нумын хоёр барилгыг барьж дуусгасан, Абдул-Бахагийн Бунханыг бүтээн босгох ажил эхэлсэн, түүнчлэн Шүтлэгийн нандин Ариун Газруудыг бэхжүүлэх, хадгалан хамгаалах маш олон төслийг дурдахгүй байхын аргагүй билээ. Бахауллагийн Бунхан болон Бабын Бунхан нь хүн төрөлхтөнд үнэлж баршгүй ач холбогдолтой газар гэдгээрээ Дэлхийн Өвд бүртгэгдсэн байна. Эдгээр ариун газарт хүмүүс зуу зуун мянгаараа хуран цугларсаар, тэдний тоо зарим жил бүр нэг сая таван зуун мянгад хүрч байлаа. Үүнээс гадна Дэлхийн Төв мөргөлчдийг нэг дор зуу зуугаар нь, заримдаа жилд 5000 гаруй мөргөлчдийг хүлээж авч байсан нь энд зочилж ирэх бусад Бахай гийчдийн тоотой бараг дүйцэж байсан юм. Бид мөргөлчдийн тоо ийнхүү өссөнд сэтгэл хангалуун байгаа шигээ хэчнээн олон янзын ард түмэн, улс үндэстэн мөргөлчлөлийн буян хишгийг хүртэгсдийн дунд төлөөллөө олсонд туйлын баяртай байна. Ариун Сударуудыг орчуулах, хэвлүүлэх, түгээх ажил мөн ихэд хурдсахтай зуузай холбон Бахайн Лавлах Санг (Bahá’i Reference Library) байгуулсан явдал бөгөөд энэ нь эдүгээ арван хэл дээр толилуулагдаж буй “bahai.org”-д хамаарах улам өргөжин буй бүлэг вэбсайтуудын нэг нь юм. Түүнчлэн Бахай ертөнц даяар өрнөж буй хүчин зүтгэлийн олон талбарт явагдаж буй суралцах үйл явцыг дэмжин тэтгэх зорилго бүхий янз бүрийн алба, агентлагууд Дэлхийн Төв болон бусад газруудад байгуулагдан ажиллаж байна. Итгэл үнэмшил нэгт эгч, ах дүү нар аа, энэ бүхэн бол Дэлхий ертөнцийн Хэлмэгдсэн Нэгэн болох Түүнд зориулсан та бүхний үнэнч сэтгэлээс ундран гарсан хүчин чармайлтын түүхэн өгүүллийн өчүүхэн хэсэг л билээ. Бид нэгэнтээ хайрт Багшийн сэтгэл догдлолоо барьж дийлэлгүй “Аяа Бахаулла, Та минь юу хийчхэв дээ?” хэмээн бишрэн дуу алдаж асан тэрхүү чин сэтгэлийн үгийг давтан хэлэхгүй байж үл чаднам.

Эгзэгтэй чухал ач холбогдол бүхий хорин таван жилийн дэлгэмэл зургаас одоо өмнөх төлөвлөгөөнүүдээсээ олон талаараа тун ч ялгаатай сүүлийн Таван Жилийн Төлөвлөгөө рүү хараагаа чиглүүлье. Уг Төлөвлөгөөний үеэр бид дэлхийн Бахайчуудад хандан өмнөх хорин жилийн хугацаанд олж авсан туршлага дээрээ тулгуурлан сурч мэдсэн бүхнээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг уриалсан билээ. Үүнтэй холбоотойгоор бидний хүсэн найдаж байсан бүхнийг анд нөхөд давуулан биелүүлсэнд туйлын сэтгэл хангалуун байгаа бөгөөд хэдийгээр Адист Гоо жавхлангийн дагалдагчдаас агуу зүйлсийг хүсэн хүлээх нь зүйн хэрэг ч, тэдний асар лут хүч хөдөлмөрийн үрээр гарсан ололт амжилтын шинж чанар үнэнхүү гайхал бишрэлийг төрүүлсэн юм. Энэ нь хорин таван жилийн хугацаанд бүрэлдэн байгуулагдсан бүхний оройн чимэг нь болж чадлаа.

Энэхүү Төлөвлөгөө нь дэлхий нийтийн орон нутгийн нийгэмлэгүүдийг үйл ажиллагаанд дайчлан өдөөсөн ариун дагшин хоёр зуун жилийн хоёр ойн баяраар гурав үе шат болон хуваагдаж хэрэгжсэнээр онцгой дурсамж үлдээлээ. Үнэнч сүсэгтнүүд нийт олноороо Бурханы Тодруулагчийн амьдралыг дурсаж, хүндэтгэл үзүүлэн баярлахад урьд өмнө хэзээ ч гэрчлэн харж байгаагүй өргөн цар хүрээтэйгээр, мөн харьцангуй хялбараар нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг татан оролцуулах чадвартайгаа харуулав. Энэ нь илүү өргөн цар хүрээтэй ололт амжилтын хүчирхэг үзүүлэлт байсан нь Үйл хэргийг урагшлуулан хөгжүүлэхийн тулд оюун санааны асар их эрч хүчийг чөлөөлөн дайчлах чадварын илрэл байв. Тийнхүү хүмүүсийн уриалгахан оролцоо үнэхээр гайхамшигтай өргөн байсан тул олон газарт Шүтлэг маань нийтэд үл танигдсан байдлаасаа салж, үндэсний түвшинд ил гарч ирсэн байна. Зарим газар урьд нь санаанд орж байгаагүйгээр, бүр магадгүй хүсэн эрэлхийлж ч байгаагүйгээр хүлээн авах чадвар онцгой байгаа нь илт мэдрэгдсэн байна. Мянга мянган хүний сэтгэл өнөөдөр хаа газрын Бахайн нийгэмлэгийн онцлог шинж болсон Бурханд сүсэглэх мөргөлийн уур амьсгалд уяран татагдсан юм. Энэхүү Бахайн Ариун өдрийг тэмдэглэснээр юунд хүрч болохын зөн хараа хэмжээлшгүй ихээр өргөжин тэллээ.

Төлөвлөгөөний ололт амжилт нь тоон утгаараа 1996 оноос хойш хэрэгжсэн өмнөх бүх Төлөвлөгөөний ололт амжилтыг маш түргэн хугацаанд давсан юм. Төлөвлөгөөний эхэнд аль ч цаг үед 100 000 гаруй суурь цөм үйл ажиллагаа явуулах чадавх хөгжсөн байсан нь өмнөх хорин жилийн хамтын хүч хөдөлмөрийн үр дүн байсан юм. Тэгвэл өдгөө 300 000 цөм үйл ажиллагаа нэгэн зэрэг тогтвортой явагдаж байна. Эдгээр үйл ажиллагаанд оролцогчдын тоо хоёр сая давсан нь мөн л бараг гурав дахин нэмэгдсэн өсөлт юм. Одоо үндэсний болон бүсийн сургалтын 329 институт ажиллаж байгаа бөгөөд саяын дөрөвний гуравтай тэнцэх тооны хүмүүс шаталсан сургалтын дор хаяж нэг номыг дүүргэснээс институтийн чадавх ямар их өссөнийг нотлон харуулж байна. Дүүргэсэн сургалтын нийт тоо мөн бас хоёр саяд хүрсэн нь таван жилийн хугацаанд гуравны нэгээс илүү хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дэлхий даяар өсөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явц улам эрч хүчээ авч байгаа нь өөрийн гэсэн сэтгэл бахдам түүхийг өгүүлж байна. Энэ таван жилийн хугацаанд өсөлтийн хөтөлбөр эхэлсэн 5000 кластер бүрд өсөлтийг хурдасгахыг бид уриалж байсан билээ. Энэхүү зорилт нь дэлхий даяар хичээнгүй хүчин чармайлт гаргахад түлхэц болсон юм. Үүний үр дүнд өсөлтийн эрчимтэй хөтөлбөрийн тоо хоёр дахин нэмэгдэж, одоо 4000 орчим болжээ. Дэлхий нийтийн эрүүл мэндийн хямралын дундуур шинэ тосгод, бичил хороодыг Шүтлэгт нээхэд эсвэл цар тахал анх гарахад эхэн үедээ явж байсан үйл ажиллагааг өргөжүүлэхэд тулгарсан бэрхшээлүүдийн улмаас Төлөвлөгөөний төгсгөлийн жилд дээрх тооноос илүү өндөр тоонд хүрч чадаагүй юм. Гэхдээ хүүрнэн өгүүлэх үүнээс ч их зүйл буй. Төлөвлөгөөний эхэнд бид анд нөхөд үйл ажиллагааныхаа хүрээнд үй олон хүмүүсийг хэрхэн урин залахад суралцсаныхаа үр дагавраар өсөлтийн континуумын гуравдугаар зааг шавгаа даван хөгжсөн кластерын тоо зуу зуугаар өсөн нэмэгдэх болов уу хэмээсэн найдвараа илэрхийлж байсан билээ. Тэр үед ийм кластерын нийт тоо ойролцоогоор 200 байсан бөгөөд тэдгээр нь дөч орчим орнуудад тархсан байв. Таван жилийн дараа бараг зуун оронд орших 1000 кластер болж энэ тоо гайхмаар өссөн нь дэлхийн эрчимтэй өсөлтийн бүх хөтөлбөрийн дөрөвний нэг хувийг эзэлж байгаа бөгөөд бидний төсөөлж байснаас асар хол давсан амжилт юм. Гэсэн ч эдгээр тоонууд ч нийгэмлэгийн маань цойлон гарсан сүрлэг өндөрлөгийг илэрхийлэн харуулж чадахгүй юм. Юу вэ гэвээс: тогтвортой явагдаж буй суурь цөм үйл ажиллагааны тоо 1000 давсан 30 гаруй кластер байна; зарим газарт бүр нэг кластерт хэд хэдэн мянган үйл ажиллагаа явагдаж, тэдгээрт 20 000 гаруй хүн оролцож байна. Орон Нутгийн Оюун Санааны Чуулгаас хөхиүлэн дэмжиж буй боловсролын хөтөлбөрт тосгоны бараг бүх хүүхэд багачууд, өсвөр насныхан хамрагдсан тийм Чуулгын тоо улам бүр өсөн нэмэгдэж байна. Ижил төстэй бодит байдал мөн хэд хот суурин газрын хэд хэдэн бичил хороодод бий болж эхэлжээ. Бахауллагийн Сургаалтай холбогдох явдал хувь хүмүүс, өрх айлууд болон төрөл садны хүрээнээс хальж улмаар нийт хүн амаараа нэгэн төв цэг рүү чиглэсэн хөдөлгөөнд нэгдэн нийлж байгааг гэрчлэн харсан тэмдэглүүштэй тохиолдлууд бас байгаа юм. Зарим үед хоорондоо зөрчилдөж байсан бүлгүүд он удаан жилийн дайсагналаа таягдан хаяж, нийгмийн зарим нэг хэвшмэл бүтэц, ёс жаяг тэнгэрлэг сургаалын нөлөөгөөр өөрчлөгдөн хувьсаж байна.

Ийм гайхалтай ахиц дэвшилд бид баярлан хөөрөхөөс өөр яах билээ. Бахауллагийн Шүтлэгийн нийгмийг бүтээн босгох хүч улам бүр тод томруунаар илэрч байгаа бөгөөд энэ нь удахгүй эхлэх Есөн Жилийн Төлөвлөгөөний бат бөх үндэс суурь болох юм. Бидний найдаж байсанчлан, тодорхой хүч чадал бүхий кластерууд нь хөрш зэргэлдээх кластерынхаа хувьд мэдлэг туршлага, нөөцийн нөөцлүүр сан болохоо батлан харууллаа. Ийм хөгжингүй кластер нэгээс илүүтэй бүс нутгууд нэг кластераас нөгөөд өсөлтийг хурдасгах арга замуудыг илүү дөхөм байдлаар олж хэрэгжүүлсэн байна. Гэсэн хэдий ч ахиц дэвшил хаа сайгүй гарсан гэдгийг бид дахин онцлон дурдмаар байна. Нэг газар гарсан хөгжил дэвшил нь нөгөө газрынхаас зөвхөн зэргийн хувьд л ялгаатай. Хороо хороогоор нэгдэн орох үйл явцын тухай нийгэмлэгийн хамтын ойлголт болон энэ үйл явцыг ямар ч орчинд, ямар ч нөхцөл байдалд эрчимжүүлж чадна гэдэгт итгэлтэй байх явдал өмнөх арван жилүүдэд төсөөлшгүй байсан хэмжээнд өсөн нэмэгджээ. Он удаан жилийн турш тулгамдаж ирснээ 1996 онд яруу хурцаар тодорхойлогдсон гүн гүнзгий асуултуудад Бахайн ертөнц ул суурьтай хариулт өгч чадлаа. Нийгэмлэгийн хөгжил дэвшил бүхий л амьдралд нь ул мөрөө шингээсэн сүсэгтнүүдийн нэгэн үе бий болжээ. Гэвч суралцахуйн хязгаарыг улам цааш нь тэлж буй тэдгээр олон кластерт гарсан хөгжлийн цар хэмжээг харвал хороо хороогоор нэгдэн орох үйл явцад гарсан дорвитой дэвшилтийг түүхэн цар хүрээтэй агуу их дэвшилт болгон хувиргаж байгаа бус уу.

Асран тэтгэгч маань Шүтлэгийн түүхэн Үеүдийг дараалсан эринүүдээр хуваасныг мэдэх хүн олон буй заа. Үүнд Бүрэлдэн тогтох Үеийн тав дах эрин 2001 онд эхэлсэн билээ. Тэгвэл Тэнгэрлэг Төлөвлөгөөнд ч гэсэн эринүүд байх, эрин нь дотроо үе шатуудтай байх талаар Асран Тэтгэгч тодорхой дурдсан байдгийг мэдэх нь тийм ч түгээмэл биш болов уу. Абдул-Бахагийн боловсруулсан сэдэж туурвисан Тэнгэрлэг Төлөвлөгөөг хорин жилийн турш Засаг захиргааны Журамын орон нутгийн болон үндэсний байгууллагуудыг байгуулан төвхнүүлэх хугацаанд хэрэгжүүлэлгүй хойшлуулсан байснаа 1937 онд албан ёсоор эхлүүлснээр тус Төлөвлөгөөн дэх анхны эриний эхний үе шат нээгдсэн билээ. Тэр нь Асран Тэтгэгчээс Америкийн Бахай нийгэмлэгт үүрэг болгон даатгасан Долоон Жилийн Төлөвлөгөө байв. Энэхүү анхны эрин Арван жилийн Давшилт өндөрлөж Шүтлэгийн далбаа дэлхий даяар өргөн мандсан 1963 онд хаагдсан юм. Удаах эриний эхний үе шат нь Есөн Жилийн Төлөвлөгөө байсан бөгөөд араас нь залган, арван хоёр сараас долоон жил хүртэлх янз бүрийн хугацаатай арваас доошгүй Төлөвлөгөө дараалан хэрэгжсэн билээ. Хоёр дах эриний үүр цайж байсан эхэн үед Тэнгэрлэг Төлөвлөгөөг Зохиогчийн урьдчилан зөгнөснөөр Шүтлэгт хүмүүс хороо хороогоороо элсэх анхны тохиолдлуудыг Бахайн ертөнц хэдийнээ гэрчлэн байв. Дараа дараагийн хэдэн арван жилд, тогтвортой, өргөн цар хүрээтэй өсөлт гарахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Агуу Их Алдарын нийгэмлэгийн үе үеийн чин үнэнч сүсэгтнүүд Тэнгэрлэг Цэцэрлэгт хөдөлмөрлөж ирсэн билээ. Ингээд Ризваны цог жавхлант баярын энэ мөчид нөр их хөдөлмөрийн үр жимс хэчнээн арвин байна вэ! Олон олон хүмүүс нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээг тэлэн өргөтгөж, итгэл сүсгийн очийг зүрх сэтгэлдээ асааж, Төлөвлөгөөний тэргүүн эгнээнд үйлчлэхээр яаравчлан зориглон босож байгаа энэ үзэгдэл өмнө нь итгэл сүсэг дээр л тогтож байсан зөгнөл таамаглал байсан бол одоо дахин дахин давтагдах бодит байдалд шилжжээ. Ийм тод томруун дэвшилтийг Бурханы Үйл хэргийн түүхэн бичээст онцгойлон тэмдэглэх нь зүй бөлгөө. Хайрт Багш Абдул-Бахагийн Тэнгэрлэг Төлөвлөгөөний гурав дах эрин ийнхүү эхэлснийг баяр хөөр бялхсан зүрх сэтгэлээр бид зарлаж байна. Тэнгэрлэг Хаант улсын гэрэл гэгээ хүн бүрийн зүрх сэтгэлийг гийгүүлэх хүртэл нэг үе шатаас нөгөө үе шатанд, эринээс эрин дамжин Түүний Төлөвлөгөө өрнөн хэрэгжих болно.

Хайрт анд нөхөд өө, Тэнгэрлэг Төлөвлөгөөний хоёр дах эринийг төгсгөсөн таван жилийн үйл хөдөлгөөний дүгнэлт, эцсийн жилд нь тохиолдсон, одоог ч хүртэл үргэлжилж буй хүн төрөлхтнийг цочирдуулсан гай зовлонгийн тухай онцгойлон дурдахгүйгээр бүрэн гүйцэд болж чадахгүй билээ. Энэ хугацаанд ихэнх улс оронд нэг бол чангарч, нэг бол суларч байсан, хүмүүс хоорондын харилцааг хязгаарлах хязгаарлалт нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтад хүнд цохилт болж, улмаар түүнээс гарахад олон он жил ч шаардагдаж болох байв. Гэтэл ингэж цохилтод автаагүйн хоёр шалтгаан буй. Нэг нь хүн төрөлхтөнд үйлчлэх, ялангуяа гай гамшиг, зовлон зүдүүрийн цагт хүн төрөлхтөнд үйлчлэх үүргээ Бахайчууд өргөнөөр ухамсарласан байсан явдал юм. Нөгөө нь тэрхүү ухамсраа бодитоор илэрхийлэх чадавх Бахайн ертөнцөд гайхалтай ихээр өссөн байсан явдал байв. Олон жилийн туршид системтэй үйл ажиллагааны хэв маягийг хэвшүүлж дадсан анд нөхөд урьдчилан таамаглах боломжгүйгээр гэнэт учирсан хямралыг даван туулахад өөрсдийн бүтээлч овсгоотой байдал, шийдэмгий зоримог байдлаа дайчилсан агаад ингэхдээ шинээр нэвтрүүлсэн арга барилаа цуврал Төлөвлөгөөнүүдийн туршид хөгжүүлэн төгөлдөржүүлсэн үйл ажиллагааны суурь хүрээтэй уялдуулсан байна. Гэхдээ, эх орон нэгт бусад хүмүүсийнхээ нэгэн адил хаа газрын Бахайчуудын амсаж буй гашуун зовлонг үл тоомсорлож буй хэрэг биш юм. Гэсэн ч хүнд бэрхшээлтэй энэ үед сүсэгтнүүд маань эрч хүчээ төвлөрүүлсэн хэвээр үлдсэн байна. Хэрэгцээ шаардлагатай нийгэмлэгүүдэд нөөцийг чиглүүлж, боломжтой газруудад сонгуулиа явуулж, бүхий л нөхцөл байдалд Үйл хэргийн институцууд үүрэгт ажлаа гүйцэтгэсээр ирлээ. Түүгээр үл барам зоримог том алхмууд хүртэл хийсэн байна. Сан-Томе ба Принсипийн Үндэсний Оюун Санааны Чуулга энэ Ризванаар дахин байгуулагдах бөгөөд Даян Дэлхийн Шударга Ёсны Ордоны хоёр шинэ багана босно. Үүнд Загреб хотод суудалтай Хорватын Үндэсний Оюун Санааны Чуулга, мөн Дили хотноо суудалтай Зүүн Тиморын Үндэсний Оюун Санааны Чуулга тус тус анх удаа сонгогдоно.

Ийнхүү Нэг Жилийн Төлөвлөгөө эхэлж байна. Гэрээсийн Өдөр бидний илгээсэн илгээлтдээ бид түүний зорилго, шаардлагыг аль хэдийнээ тодорхойлсон билээ. Хэдийгээр богинохон байх авч энэхүү Төлөвлөгөө нь Бахайн ертөнцийг дараагийн Есөн Жилийн Төлөвлөгөөнд бэлтгэхэд хангалттай. Тэнгэрлэг Төлөвлөгөөний Илгээлтүүдийг нээн туурвиснаас хойш зуун жилийн дараа нээгдсэн оюун санааны хүч увдис бүхий цаг үе Абдул-Бахагийн тэнгэрт хальсны зуун жилийг дурсах ойгоор удахгүй хаагдах бөгөөд энэ нь Бүрэлдэн тогтох Үеийн эхний зуун төгсөж, хоёрдугаар зуун эхэлснийг дохиолох билээ. Эмзэг хэврэг байдал нь ил гарч, гэмшин номхорсон хүн төрөлхтөн дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг хамтын ажиллагаагаар шийдэх шаардлагыг магадгүй илүүтэйгээр ухамсарлаж байгаа энэ үед үнэнч сүсэгтнүүд маань нийт олноороо шинэ Төлөвлөгөөнд хөл тавин орж байна. Гэвч, хүн төрөлхтний заяагдмал нэгдмэл нэг чанарыг улам ихээр хүлээн зөвшөөрөхийг хүсэн тэмүүлж буйгаа үг яриа, ажил үйлдлээрээ харуулж буй хүмүүсийн тоо нийгэмд улам бүр өсөн нэмэгдэж байгаа хэдий ч өрсөлдөн тэмцэх, хувийн ашиг сонирхлоо хөөх, бусдыг ялгаварлан гадуурхах, явцуу сэтгэлгээ үзүүлэх угшсан зуршил нь эв нэгдэлд чиглэсэн хөдөлгөөнд саад болсоор л байгаа билээ. Бүх нийтийн сайн сайхан ашиг сонирхлын төлөө улс үндэстнүүдийн гэр бүл өөр хоорондын ялгаа зөрчлөө таягдан хаяж чадах болов уу хэмээн бид залбиран мөргөж байна. Ирэх хэдэн сарын тодорхойгүй бүдэг бадаг байдлыг үл харгалзан, олон жилийн турш дагалдагч нараа тэтгэн түшиж ирсэн адис баталгаагаа улам арвижуулахыг Бахауллагаас бид хичээнгүйлэн гуйж, улмаар Түүний анагаагч сургаалыг хүртэх шаардлага нь улам хурц болсон ертөнцийн үймээн донсолгоонд тайван амарлингуй байдлаа огтхон ч үл алдан ариун үүрэг даалгавраа биелүүлэхэд урагш дэвшихэд тань дэмжин тэтгээсэй хэмээн мөргөн залбирах болно.

Тэнгэрлэг Төлөвлөгөө шинэ эрин ба шинэ үе шатанд орлоо. Түүхийн шинэ хуудас нээгдлээ.

 

Windows / Mac